Tuesday, December 21, 2010

АМИШААС ҮҮДСЭН БОДОЛ


Америкт аялаж байхад заримдаа тас хар хувцастай, морин тэрэг хөлөлсөн хүмүүс явж байгаа харагддаг. Тэдгээрийг “Амиш” гэх аж. Тэд XVII зууны орчим Европт христийн шашны шинэчлэлийн улмаас гадуурхагдан амьдрах аргагүй болсы улмаас Америк ирж суурьшсан байна. Тэдгээр иргэд өөрсдийн уламжлал, амьдралын хэв маягаа хадгалсаар өнөөг хүрчээ. Тэд орчин үеийн хөгжил дэвшил, тухайлбал гэрэл, цахилгаан, автомашин хэрэглэдэггүй, яг л анх  300 гаруй жилийн өмнө анх ямар байсан яг л тийм хэвээрээ аж төрдөг. 

Энэхүү амьдрах ёсоо алдахгүйн тулд хатуу дэг ёсыг сахидаг. Тухайлбал, өөрсдийн аж амьдралын хэлбэрээ хадаглах үүднээс гаднаас ирсэн хүнд дурьгүй, хэн нэг нь суурингаасаа явсан тохиолдолд иргэж ирэх эрхгүй зэрэг хатуу ёстой.  Айл өрхүүүд олон хүүхэдтэй жижиг аж ахуй эрхлэн амьдардаг. Үр хүүхдээ гадаад ертөнц аюултай, бүгд чөтгөрүүд, нүгэлтнүүд гэж хүмүүжүүлнэ.  Урт хар өнгийн хувцас ихэвчлэн өмсөнө. Эдгээр шалтгаануудын улмаас энгийн америкчууд тэдэнд дургүй. 

Харин манай улсад хөдөө орон нутагт, зарим нэг хотын айл яг л Амиш лугаа адил амьдарсаар байна. Тухайлбал: Нийслэлд 14000 өрх гэрэл цахилгаангүй амьдарч байгаа талаар саяхан нэг албан тушаалтан гайхуулж байгаа юм шиг ярьсан байсан. Соёлжсон нийгэмд ичмээр л асуудал. Цахилгаан байхгүй байхад цахилгаан хэрэгсэл, телевизийн тухай яриад ч хэрэггүй. Америкийн Амишаас ялгаатай нь тэд өөрсдөө ийм амьдралыг хүсээгүй, аргагүйн эрхэнд  нүүдэлчин хэлбэрээрээ амьдарч байна.    

Сүүлийн үед сонин хэвлэлээр гарч буй ярилцлагуудыг уншиж байхад сонин зүйлс ажиглагдах боллоо.  Тэр нь хуучины хэллэгээр “ангич үзэл”.  Өөрөөр хэлбэл “манай 40 мянгатыхан”, “бид” гэж ярих болсон. 40 мянгатыхан гэж байлаа. Одоо тэдгээрийн үр удам монголыг залж чиглүүлж байна. Тэгээд социализмын үед яаж сайхан амьдарч байснаа эд бах болгон ярих юм. Угтаа бид өөр хүн шүү гэсэн утгатай. Анх Дэлгэрмаа “Би элит” гэж анх хэлээд шүүмжлэлд өртөж байсан. Одоо харин бүгд л тэгж ярих болж. Би элит, би гадаадад сургууль төгссөн гээд л бусдаас ялгарахыг тэмүүлцгээнэ. Үнэн чанартаа ард түмний татварын мөнгөөр гадаад туйлж туйлж, сурсан ч юмгүй “Царцаа намжилын үлгэр”-ээр ихэнх нь яваа бүгд л мэдэж байгаа.  Энгийн иргэд энэ талаар бодох ч сөхөө алга, өдрийн хоолоо бодсоор. Шударга ёс, ардчилал, сайхан амьдрал, мөрөөдлийн талаар санахын ч хэрэг алга. Арай нэг гайгүй амьдралтай, хоолоо олоод байгаа нь байртай болох юмсан, машинтай болох юмсан гэж мөрөөднө. Нөгөө хэд нь татвараар далайлган мөрөөдлийг нь алах төхнө. Нэгэнт байр авч чадахгүй, машингүй юм чинь Амишаар л амьдрана. 

Амишийн талаар америкчуудтай ярилцаж байх үеэр нэгэн америк “Амьдрах нөхцөл хамгийн чухал. Орчин үеийн халаалтын төхөөрөмж, газ байхгүй бол маш хэцүү. Өөрсдөө галаа түлээд, утаанд нь утуулаад, хувцас, биенээс нь байна утаа үнэртээд байвал хэн ч дуртай байхгүй” гэж хэлсэн нь намайг л хэлээд байгаа юм шиг санагдлаа. Манай иргэдийн ихэнх нь гэр хороолол, хөдөө галаа түлж амьдарч байгаа бол. Утаа буруулна гэж хэдэн жил ярьж байна. Утааг бууруулах биш иргэдийнхээ тав тухтай амьдралыг хангах зорилт дэвшүүлвэл утаагаа энэ хүрээнд шийдэж болох шүү дээ. Гэтэл эсрэгээрээ гэр хорооллыхон л буруутай юм шиг бүгд ярцгаана. Нүүрсийг нь хориглоно ч гэж байх шиг. Аргагүйн эрхэнд нүүрс түлж байгааг ойлгох ч үгүй, барилгажилтын талаар хөтөлбөрийг “Утаагүй Улаанбаатар” гэж нэрлэсэнгүй гээд зарим нь уурлаад хэдэн сараар ажлаа хийхгүй яваа сураг дуулдах юм. Амьдрал дээр нүүрсээ ч авч чадахгүй, хуучин дугуй, хог түүж өдөр хоногийг өнгөрөөж байгаа айл дэндүү олон байна шүү дээ.
Амишд зарим америкууд таатгүй ханддаг. Учир нь тэд өөрсдөөс нь өөрөөр амьдардаг. Манайд өнөөдөр ийм байдаг ажиглагдаж байна. Хөдөөнийх, хотыхоор нь зааглана. Гадаад боловсрол эзэмшсэн, нутагтаа эзэмшсэн эсэхээр нь шилнэ, нутаг усаар нь ялгана,  сүүлийн үед  баян, ядуугаар нь ялгаварлан үзэх хандлага нийгэмд хүчтэй тархаж байгаа нь бүхнээ илхэн. Захын сонинг аваад үзэхэд тэр, тэрний хүүхэдийн хэргийг хэрэгсэхгүй болголоо гэсэн мэдээ олж уншина. Шударга ёс, хүний эрхийг дээдэлдэг Америкт Амишийн хоцрогдсон ёсыг байлгаад байгаагийн учир нь тэд өөрсдөө ийм амьдралыг хүсэж байгаад оршидог. Харин бид ингэж зааглаж, гадуурхахыг хүсэхгүй байгаа ч тэд ийм нөхцлийг зориудаар үүсгэж байгаа юм шиг аашлах юм. Удахгүй төв азийн “Энэтхэг” болох шинжтэй. Сайн талаараа биш шүү. Энэтхэгийн эдийн засаг маш хурдацтай хөгжиж удахгүй тэргүүлэх гүрний хэмжээнд хүрэх нь тодорхой болоод байна. Гэхдээ Энэтхэгт нийгмийн давхаргын ялгаа маш их. Баян, ядуугийн туйл.

Сүүлийн үед зарим Амишийн нийгэм ихээхэн өөрчлөгдөж харьцангүй нээлттэй болж байгаа.  Тэд орчин үеийн зарим ололтыг аж ахуй, амьдралдаа хэрэглэх болсон.  Зарим хүний ярилцлагыг уншиж байхад амьдрал сайхан болсон, бүгд компьютер хэрэглэдэг болсон гэх маягийн юм яриад байгаатай яав ч санал нийлмээргүй санагддаг. Амишийн амьдрал дээшээ явж байхад манай зарим иргэдийн амьдрал доошоо яваад байгаадд Монгол, Америкийн ялгаа оршиж байх шиг. Амьдралын өртөг бусад өндөр хөгжилтэй орныхтой зэрэгцээд ирлээ, бүр ихэнхээс нь өндөр болж байгаа нь нууц биш. Мах авч чадахгүй иргэд тахианы мах, буурцаг, дайвар бүтээгдэхүүнээр өдөр хоногоо өнгөрөөж байна. Ийм байхад амьдрал дээшлээд байна гэж яаж ярьж чаддаг байна. Монголд ганц зүйл бусад орноос хямд байгаа нь архи, тамхи л байх шив дээ.

Энэ мэтээр Амишийн талаар бодоод нөгөө талаар Монголын талаар бодохоор төсөөтэй, зөрүүтэй маш олон бодол төрөх юм. Эцэст нь бид хэзээ Америк шиг амьдралтай болноо гэсэн асуултыг өөртөө тавиад хариултыг нь олсонгүй. Магадгүй бидний дараа үе, үр хүүхдүүд маань сайхан амьдах байх гэж найдах л үдэж байна.

No comments:

Post a Comment